Карл Риттер
Карл Риттер (герман. Karl Ritter; 1779 оны 8-р сарын 7-нд Кведлинбургт төрсөн —1859 оны 9-р сарын 28-нд Берлинд нас барсан) — германы газар зүйч, багш бөгөөд орчин үеийн газар зүйн шинжлэх ухааны суурийг тавьсан хүний нэг. Эртний болон орчин үеийн Иран судлалын томоохон төлөөлөгч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Карл Риттер 1779 онд Саксонийн Кведлинбург хотод бичгийн хүний гэр бүлд төржээ. Тэрээр зургаан хүүхдийн нэг байсан. Карл хүүг 2 настай байхад эцэг доктор Ф.В.Риттер нас баржээ. Таван настайдаа тэрээр байгаль судлах чиглэлтэй Шнепфентал Зальцманн сургуульд элсэн оржээ. Сургалтаа дуусгасны дараа Риттер Франкфуртын банкны эзэн Бетманн-Холлвегтэй танилцаж тэдний хүүхдүүдийн сурган хүмүүжүүлэгч болжээ. Үүний хариуд банкны эзэн түүний сургалтын зардлыг хариуцаж Халле дахь их сургуульд суралцах болжээ. Риттер 1798 онд хүмүүжүүлэгч багшаар ажиллаж эхлээд 15 жил ажилласан юм. Үүний зэрэгцээ энэ үер тэрээр газарзүйн хичээлийг сайтар судалж эхэлсэн байна. 1798-1814 онд Карл Риттер Швейцар, Савой, Франц, Итали руу хэд хэдэн аялал хийсэн байна.
1819 онд тэрээр Франкфуртын гимназид түүхийн багшаар ажилд орсон. 1820 оноос нас барах хүртлээ Берлиний их сургуулийн газарзүйн тэнхимийг удирдаж байжээ. 1821 онд тэрээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд зун болгон аялж, Испани, Оросоос бусад Европ тивийн бүх оронд очиж судалгаа хийж үзжээ.
Карл Риттер «Байгаль, хүн төрөлхтний түүхтэй холбоотой газар эрхлэлт» (герман. Die Erdkunde im Verhältniss zur Natur und zur Geschichte des Menschen; 1817 онд эхлүүлээд амьд байхад нь Ази, Африк тив зориулсан 19 боть гарсан) хэмээх суурь судалгааны бүтээл хийсэн байна.
Тэрээр газарзүйн харьцуулсан арга зүй, түүний дүн шинжилгээний бүрэлдэхүүн хэсгийг боловсруулсан. Тэрээр газарзүйн ухааны зорилго бол байгалийн үзэгдэл, үйл явцын уялдаа холбоог тодорхойлох, шалтгааныг тогтоох, түүнийг бүхэлд нь цогцоор нь судлах явдал юм гэж үздэг байсан. Риттер геополитикийг бий болгоход хувь нэмэр оруулсан ард түмэн, үндэстнүүдийн хувь заяанд байгалийн тодорхойлогч нөлөөг нотлохыг оролдсон байна.
Риттерийн үзэл санаанууд 19-20-р зууны эхэн үеийн газарзүйн цаашдын хөгжлийг ихээхэн тодорхойлсон юм.
Хятадын Наншань дахь нурууг Германы газарзүйч Карл Риттерийн нэрээр нэрлэсэн байна.