Jump to content

Лайпцигийн дэргэдэх үндэстнүүдийн тулалдаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лайпцигийн дэргэдэх үндэстнүүдийн тулалдаан
Хамаарах нь: Чөлөөлөх дайнууд
Лайпцигийн дэргэдэх үндэстнүүдийн тулалдаан (Владимир Мошковын уран зураг, 1815 он)
Лайпцигийн дэргэдэх үндэстнүүдийн тулалдаан
(Владимир Мошковын уран зураг, 1815 он)
Огноо 1813 оны аравдугаар сарын 16-аас 19-н хүртэл
Байрлал Лайпциг, Заксены Хант Улс
Үр дүн Эвслийн шийдвэрлэх ялалт
Үр дагавар Райны ар луу Францын армийн ухралт
Зөрчилдөгч талууд

 Франц
 Польш
Райны Холбооны хэд хэдэн улс
Итали
 Неаполь

 Орос
 Прусс
 Австри
 Швед
 Мекленбург-Шверин
дэмжсэн улс:
 Нэгдсэн Хаант Улс

Удирдагч

 Франц Наполеон Бонапарт

 Австри Карл Филипп цу Шварценберг
 Орос Михаил Барклай-де-Толли
 Прусс Гебхард фон Блюхер
 Швед Хунтайж Карл Юхан

Цэргийн хүч
Аравдугаар сарын 16:
190.000 цэрэг
690 үхэр буу[1]
Аравдугаар сарын 16:
205.000 цэрэг
918 үхэр буу[2]
Аравдугаар сарын 19:
365.000 цэрэг
1500 үхэр буу[3]
Хохирол

72.000
үүнээс:
38.000 үхсэн ба шархадсан
30.000 олзлогдсон
5.000 урвасан
300 их буу[4][5]

54.000 үхсэн ба шархадсан
үүнээс:
22.800 үхсэн ба шархадсан Оросууд
16.600 үхсэн ба шархадсан Пруссчүүд
14.400 үхсэн ба шархадсан Австричууд
200 үхсэн ба шархадсан Шведүүд[5]

Лайпцигийн дэргэдэх үндэстнүүдийн тулалдаан, Александр Зауервейд-А. С. Пушкины нэрэмжит улсын музей

Лайпцигийн дэргэдэх үндэстнүүдийн тулалдаан (Герман: Völkerschlacht bei Leipzig, Франц: Bataille de Leipsick) нь 1813 оны аравдугаар сарын 16-аас 19-ийг хүртэл үргэлжилсэн чөлөөлөх дайныг шийдвэрлэсэн тулалдаан байсан юм. Энэ тулалдаанд Хаант Орос, Прусс, Австри, Швед гэсэн холбоотнуудын цэрэг, Наполеон Бонапартын цэргийн эсрэг тулалдсан юм.[6]

19-р зууны эхэнд болсон уг тулалдаанд арав гаран улсын 600.000 гаруй цэрэг оролцсон тус тулалдаан нь магадгүй дэлхийн түүхэн дэх хамгийн том тулалдаан байв.[7] Наполеоны түрэмгийллийн эсрэг чөлөөлөх дайнуудыг шийдвэрлэсэн тус тулалдаанд оросууд, пруссчүүд, австричууд, шведүүдийн эвслийн цэрэг Наполеон Бонапартын цэргийг ялснаар, түүнийг Германы холбоотнуудаа орхин, үлдсэн цэргээ авч ухрахаас өөр аргагүй байдалд хүргэсэн байдаг.

Тулалдаанд 600.000 гаруй цэрэг оролцон, 92.000 цэрэг алагдсан буюу шархадсан байна.

Тулалдааны зуун жилийн ойн өдөр буюу 1913 онд Лайпциг хотод 91 метрийн өндөртэй Үндэстнүүдийн тулалдааны хөшөө хэмээх хөшөөг босгожээ. Энэ хөшөөг босгосон газар нь хамгийн ширүүн байлдаан болсон ба цэргүүдийн дийлэнх амиа алдсан газар аж.

Энэ үйл явдлыг хамгийн анх Ахим фон Арним 1813 оны аравдугаар сарын 22-нд Берлиний өдөр тутмын сонин болох «Пруссийн Сурвалжилга»-д «Үндэстнүүдийн тулалдаан» гэсэн гарчигтай нийтлэлийг хэвлүүлж мэдээлсэн байдаг.[8] Тэрбээр уг нийтлэлээ бичихдээ хуучны нэгэн домгоос санаа авсан гэхийн сацуу, 1813 оны зун түүнийг хүрээлэгчдийн дунд улс төр, цэргийн байдал эвгүйрхсэн, магадгүй Наполеоны эсрэг «Үндэстнүүдийн агуу тулалдаан» удахгүй болох байх хэмээн ярилцдаг байсан тул тэрбээр 1813 оны есдүгээр сараас он дуустал юу болох талаар зөгнөн бичсэн байдаг ажээ.[9]

Хэдий тухайн үед буюу 1813 оны аравдугаар сард «Үндэстнүүдийн тулалдаан» гэсэн гарчигтай нийтлэлүүд гарч байсан ч, энэ төрлийн нийтлэлүүдийн дийлэнх нь «Лайпцигийн дэргэдэх…» гэсэн нэртэй байв. Уг тулалдааны зуун жилийн ойгоор энэхүү түүхэн үйл явдалд зориулсан хөшөөг босгох үеэр л германы хэвлэл мэдээлэлд албан ёсоор «Лайпцигийн дэргэдэх үндэстнүүдийн тулалдаан» хэмээн нэрлэх болжээ.[10]

Тулалдаанд оролцсон олон үндэстэн улсуудаас нь шалтгаалан «Олон үндэстний тулалдаан» гэж нэрлэх нь бас бий.[11][12]

1812 оны Орос руу хийсэн аян дайнд Наполеон гутамшигтайгаар ялагдсаны дараа Пруссийн туслах корпусыг удирдаж байсан генерал Йорк оросын генерал Дибичтэй 1812 оны арванхоёрдугаар сарын 30-нд Тауроггений гэрээнд гарын үсэг зурцгаав. Үүгээр Хаант Орос ба Пруссийн хоорондох дайсагнал зогсов. Австрийн туслах корпусыг удирдаж байсан генерал Шварценберг Наполеонд ямар ч тохиолдолд Францын арми дахь өөрийн цэргийн хүчийг нэмэгдүүлэхгүй хэмээн тайлбар хийснийхээ дараа 1813 оны нэгдүгээр сарын 30-нд оросуудтай байлдааны ажиллагааг зогсоосноо мэдэгдэв. 1813 оны хоёрдугаар сарын 28-нд Орос ба Прусс холбоотны гэрээ хийн, гуравдугаар сарын 16-нд Францад дайн зарлав. Аль хоёрдугаар сарын 24-нд Францын түрэмгийллийн эсрэг Хамбург хотод бослого гарсан ба Оросын цэргүүд гуравдугаар сарын 18-нд Хамбург руу давшин орсон боловч удалгүй хотыг чөлөөлөх ёстой болсон юм. Гуравдугаар сарын 19-нд Пруссийн хан ба Оросын царь нар Францын эсрэг тэмцэлд нэгдэхийг Германчуудад уриалсан ба Райны Холбоо задран унасныг тунхаглан зарлажээ.[13] Энэ уриаг ганцхан Мекленбург дагасан бол бусад ноёд бүгд Наполеоноос айсан хэвээр байлаа. Австри дундыг баримтлах бөгөөд зөрчилдөгч талуудын дунд зуучлагчийн үүргээр оролцон, мөргөлдөөнийг тайван замаар шийдүүлэхийг хичээх ба хэрэв хэлэлцээр бүтэлгүйтвэл цэрэг оруулахаа ч мэдэгдэв. Дөрөвдүгээр сарын 26-нд Заксен Австритай холбоотны гэрээнд гарын үсэг зурав.

Дөрөвдүгээр сарын 29-н ба 30-нд Францын цэрэг Мерзебург ба Вайсенфелсийн ойролцоох Заале голыг гатлан давшив. Тухайн үед францын тал 150.000 цэрэгтэй байв. Тэдний эсрэг Пруссийн 43.000, Оросын 58.000 цэрэг зогсож байв. Мөккерний дэргэдэх тулалдааны дараа 1813 оны дөрөвдүгээр сарын 5-нд Заксены хан урван, цэргээ авч Наполеоны талд оржээ. Үүний дараах тулалдаанд хоёр тал хоёулаа ихээхэн хохиролтой байлаа. Зургаадугаар сарын 4-нд хоёр тал гал зогсоох хэлэлцээр хийн, оросын ба пруссийн цэргүүд Силези рүү буцав. Зургаадугаар сарын 24-нд Австри Улс Хаант Орос ба Прусстэй холбоотон болох шийдвэр гаргасан боловч тэд зөвхөн Наполеонтой хийсэн хэлэлцээр бүтэлгүй болбол холбоотон болно гэсэн нөхцлийг тавьжээ. Үүнээс хойш зургаадугаар сарын 26-нд Дресденд Наполеонтой хийсэн хоёр талын хэлэлцээрт австрийн канцлер Меттерних оролцсон ба энэ хэлэлцээрээр гал зогсоох ажиллагааг наймдугаар сарын 10-н хүртэл сунгав. Наймдугаар сарын 10-нд Австри хэлэлцээр хийх асуудлыг зогсоосон нь нэгдүгээрт хоёр тал нэгдсэн шийдвэрт хүрээгүй, хоёрдугаарт Наполеон зөвхөн цаг хожих хүсэлтэй байна гэжээ. Ингээд наймдугаар сарын 12-нд Австри Францад дайн зарлалаа. Эвслийн зэвсэгт хүчнийг австрийн фельдмаршал Карл Филипп цу Шварценберг удирдан, наймдугаар сарын 11-нд Одер голыг гатлан дайныг буцаан эхлүүлэв. Хоёр тал хоёулаа гал зогсоох хугацааг ашиглан цэрэг татах, хүч нэмэх ажлыг эрчимтэй хийсэн байв. Наполеон энэ удаа 442.000 цэрэгтэй болсон ба үүний 40.000 нь морьт хороо байв. Нөгөө талд 184.000 оросууд, 160.000 пруссчүүд, 127.000 австричууд, 23.000 шведүүд, 6.000 цэрэг мекленбургээс мөн түүнчлэн бусад германы улсуудаас 9.000 (эдний ихэнх нь Их Британитай хувийн холбоотой байсан хуучин Ханноферийн Вант Улсаас буюу Германы Ханы Легионоос иржээ) байлдахаар зэхсэн байв.

Бохемийн Армийг австрийн фельдмаршал Шварценберг удирдсан ба түүний удирдлаганд 127.000 цэрэг байсны 82.000 нь оросууд, 45.000 пруссчүүд байв. Силезийн Армийг пруссийн генерал Блюхер удирдсан бол түүнд 66.000 орос, 38.000 прусс цэрэг байв. Шведийн хунтайж Карл Юхан Умардын Армийг удирдсан ба түүний цэрэг нь 73.000 прусс, 29.00 орос, 23.000 швед[14], 144 их британи[15][16] цэргүүдээс бүрдэж байлаа.

Наймдугаар ба есдүгээр сарын тулалдаанд Францын тал ялагдсан шалтгаан нь Наполеон цэргээ Дресденээс буцаан татаж, аравдугаар сарын 14-нд Лайпцигийн төлөө тулалдахаар цэргээ бөөгнөрүүлснээс улбаатай ба түүний энэ үйлдлийг мэдсэн холбоотнууд ч бас энэ зүг рүү цэргээ хуримтлуулсан байна. Аравдугаар сарын 14-нд Лийбертволквицийн дэргэд морьт тулаан болсон нь дараах өдрүүдийн томоохон байлдаануудын эхлэл болов. Наполеонд энэ үед хааны гвард ба найман корпус 210.000 цэрэг, үүний 14.000 нь морьт цэрэг, 700 их буу байв. Алдаа мадаг ихтэй мэдээллээс болж тэрбээр Бохемийн ба Силезийн арми хамт байгаа гэдэгт эргэлзсэн, мөн Австри оролцохгүй хэмээн найдсан болон Силезийн армийг хойд зүгт хол байгаа хэмээн тооцоолсон байдаг.

Аравдугаар сарын 16-ны байлдагч талуудын газрын зураг
  • Наполеоны арми
  • Холбоотны арми
  • Аравдугаар сарын 15-нд Наполеон өөрийн армийн ихэнх цэргүүдийг буюу 110.000 цэргээ Лайпцигийн өмнө талд Конневиц ба Плайсе голын дэргэдэх Маркклеебергээс Вахау ба Лийбертволквицээр дайруулан Холцхаузен хүртэл байршуулжээ. Генерал Анри-Гасьен Бертран баруун зүг руу явах замыг хамгаалахаар Линденаугийн дэргэд зогсож байхад, Лайпцигийн хойд талд маршал Мармон ба Мишел Ней нар байв. Холбоотны талд байлдаан эхлэхийн өмнө зөвхөн 200.000 цэрэг байсан ба учир нь Коллоредо-Мансфелд ба Левин Аугуст фон Беннигсен нарын цэргүүд замд явсан, харин шведийн хунтайж Умардын Армийг тулаанд оролцуулахгүй хүлээж байсан аж. Үндсэн армийг Карл Филипп цу Шварценбергийн удирдсан 130.000 цэрэг бүхий Бохемийн Арми бүрдүүлж байсан Лайпцигийн урд талаас ирж байсан оросын царь Александр Павлович ба пруссийн хан III Фрийдрих Вилхелм нарын цэрэг байв.

    Шварценбергийн төлөвлөгөө нь Гюлаиг 20.000 цэрэгтэйгээр Линденаугийн эсрэг оруулан, Блюхерийг Лайпциг руу хөдөлгөх, үлдсэн үндсэн цэргээ авч Элстер ба Плайсегийн балчигт нам газраар Францчуудын баруун жигүүр талаас нь Конневиц руу дайран орж, Лайпцигийг хамгийн дөт замаар байлдан эзлэх байв.

    Энэ замаар дайрах нь хүнд хэмээн царь Александр эсэргүүцсэнээр, Шварценбергийн төлөвлөгөөг 35.000 цэрэг бүхий Мерфелд, Хессен-Хомбургийн удам залгах хунтайж Фрийдрих нарт даатгажээ. Иоханн фон Кленау, Лудвиг Адольф Петер цу Заин-Виттгенштайн, Фрийдрих фон Клайст нарын корпусууд Барклай-де-Толлийн удирдлаган дор Францын өмнөөс давшин Лайпциг руу шахах үүрэг хүлээв. Ингэснээр Бохемийн Арми гол, намгархаг газраар тусгаарлагдсан гурван тулааны талбарт хуваагдав.

    16-ны үүрээр Барклайн арми давшин, 9 цагийн орчим их буугаар гал нээнгүүт, францын эсрэг давших цэргүүд байрлалаа эзлэн урагшилсаар байв. Клайст ван Юзеф Антон Пониатовскигоос Маркклеебергийг эзлэн авахдаа түүнийг дөрвөн удаа эндээс хөөн, дөрвөн удаа дахин дайрч, хүнд байдалд оруулсан байна. Наполеоны өөрөө удирдаж байсан Вахауг ханхүү Ойген фон Вюртембергийн удирдсан орос, пруссийн цэрэг эзлэн авсан хэдий ч Францын артеллерийн суманд ихээхэн хохирол амсаж, ухрахаас өөр аргагүйд хүрэв. Горчаков, Кленау нарын Лийбертволквицийг авах гэсэн оролдлого урагштай биш байв. Тэд Колмбергийг ч бас алдсан ба холбоотны галын шугам тэр чигтээ хүч нь сулран, өөрсдийн байраа арай ядан тогтоож байлаа. Австричуудын Конневиц руу давшсан давшилт ч бас амжилтгүй байв. Ингээд Шварценберг 12 цагийн үед Барклайн корпусыг дагуулан туслахаар яаравчлав.

    Наполеон энэ хүртэлх тулааны явцад сэтгэл хангалуун байсан учраас өөрөө тулаанд орохоор шийджээ. 15 цагийн үед францын 8.000 морьт цэрэг холбоотны гол хүч байгаа Вахау руу цөмрөхөөр оролдов. Тэд давшсаар хаад ба Шварценбергийн байрлаж байсан толгойд хүрчээ. Гэвч тэднийг оросын явган цэрэг болон туслахаар ирсэн холбоотны морьт цэргийн хүчээр хамгаалж чадлаа. Францын бас нэг морьт хороо Гүлденгоссаг эзлэхээр давшсан нь бас л амжилт олсонгүй. Наполеон ч гэсэн шинэ хүчийг галын шугам руу илгээж чадалгүй байсаар бүрэнхий нөмөрч, тулаан зогсжээ. Дайсны байрлалыг эзлэх гэсэн эвслийн давшилт 20.000 цэргээ алуулсан буюу шархадсанаар бүтэлгүйтэв.

    Гюлаин Линденауг эзлэх гэсэн эрч муутай давшилтыг Бертран зогсоож чаджээ. Ганцхан Силезийн Армийн давшилт л шийдвэрлэх ялалтыг байгуулав. Умардын Армийг хүлээлгүйгээр тушаал авсан Блюхер Лайпциг руу хамтарсан давшилтыг гүйцэтгэхээр байлдаанд орсон ч Вийдерич ба Мөккерний дэргэд хүнчэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Эхний тосгонд Ян Хенрик Дабровскийн хүч муу дивиз байсан ч түүнийг Александр Фёдорович Ланжерон бүтэн өдөржин тогтоон барьж чаджээ. Сүүлчийн тосгонд 17.000 цэрэгтэй Мармон Вахауд туслах тушаал аван, өөрийн эзэлсэн байсан тохиромжит байрлалаа орхин одов. Ингээд дайсны байрлал руу дөхтөл, давшин ирж буйг нь сонссон тэрбээр маршал Нейгээс туслалмж гуйн хүлээхээр шийдэв.

    Холбоотны генерал Йорк Мөккерний байгалийн бэхлэлт мэт ашигтай байрлалаар 20.000 цэрэгтэйгээр давшин хэд хэдэн бүтэлгүй довтолгооны эцэст 7.000 хүнээ алдаж байж Мөккернийг эзлэн авав. Маршал Ней Мармонд туслахаар яаравчлан ирж явснаа Мармоны цэрэг устгагдсаныг сонсоод, замаасаа буцан эргэж Вахауд туслахаар ирсэн ч бас л хожимдсон байв.

    Йоркийн Мөккерн дэх ялалт нь Францчуудын Лайпцигийн хойд тал дахь шугамыг цөмлөсөн ба үүгээр Наполеоны умард тал дахь хоёр корпус нь Бохемийн Армийг довтлохоос хамгаалах хүч бий гэсэн найдлага байсан учир Вахауд ялалт байгуулна хэмээх бодол нь хөсөр хаягдав.

    Аравдугаар сарын 17-ны бүтэн сайн тулалдагч талууд нам гүм байв. Талууд тулааны түр завсарлга авсан байхад, зөвхөн умард зүгт Блюхер Ойтрич, Гоолисийг эзлэн, Лайпциг хүртэл цөмрөн орж иржээ. Холбоотнууд Сестевиц тосгонд шөнийн 2 цагт байлдааны зөвлөлийг хуралдуулан, өглөөний долоон цагт давшихаар шийджээ.

    Наполеоны хувьд шийдвэрлэх ялалт байгуулж чадаагүй, 100.000 хүний хүч шинээр нэмэгдэхэд ч холбоотныг зогсоож чадахгүй байгаа, Лайпцигийг удаан хугацаанд тогтоон барьж дийлэхгүй гэдэг нь тодорхой болж байгаа, одоо зөвхөн Реньег Дюбенээс ирэхийг л хүлээж байгаа учраас угтаа Лайпциг дахь байрлалаа орхин өөр газраас тулааныг үргэлжлүүэх ёстой байсан юм. Гэвч тэр улс төрийн шалтгаанаар ийм шийдвэр гаргаагүй нь Франц хаан түүний хадам эцэг байснаас болжээ. Конневицийн тулааны үед барьж авсан байсан генерал Мерфелдээр Наполеон гал зогсоох тухай тодорхой нөхцөл бүхий мэдээг аравдугаар сарын 17-нд явуулав. Наймдугаар сард гаргасан энэхүү гал зогсоох санал нь түүнд хүчээ нэмэх ашигтай талыг авчирсан бол энэ удаа холбоотнууд түүний саналыг хүлээж авчихаад бүр огт хариу өгсөнгүй таг чиг байлаа.

    Гурав дахь өдөр

    [засварлах | кодоор засварлах]
    Наполеон ба Пониатовски Лайпцигт, Януари Суходольскийн түүхэн уран зураг
    Пониатовскийн Лайпциг дахь сүүлчийн давшилт

    Аравдугаар сарын 18-ны хоёр цагийн үед Наполеон тулааны өмнө байсан эхний байрлалаар давших шийдвэр гарган Лайпциг хүрэхэд нэг цагийн зайтай газар дөхөв. Пониатовскийн удирдсан баруун жигүүр нь Плайсе голын орчим Конневицээс Дөлиц хүртэл газарт, төв хэсгийг Пробстхайде орчмын газраар, зүүн жигүүр нь Парте гол хүрсэн нь Лайпцигийг урдаас нь эхлээд зүүн, зүүн хойд тал хүртэл нь нуман хэлбэр үүсгэсэн байв. Энэхүү шинэ байрлал нь (дөрвөн цагийн турш 150.000 цэргээр хамгаалан байлдсан) холбоотны 300.000 цэрэг 1.400 их бууны эсрэг үнэндээ л хүчин мөхөстөж байв.

    Гэсэн ч 18-ны тулалдаан ширүүн болсон бөгөөд эвслийн тал тал бүрт ялалт байгуулж чадахгүй байсан нь Наполеоны цэргүүд зүгээр л бэхлэлтийн байрлалд байх бус хүчтэй давшилт, хамгаалалтыг үргэлжлүүлэн хийж байсных байв. Эвслийн довтолгооны хэсэг нь удаан, зарим үед хэт хоцорч урагшилж байгаа нь цохилтыг бүрэн хүчээр нэг дор өгч чадахгүй байлаа. Зүүн жигүүрт Хессен-Хомбургийн австричууд Плайсегийн баруун талд Дөлиц, Лөснигт буй францчуудын байрлал руу довтолсон ч тэдний байрлалыг авч чадсангүй. Пробстхайдед ч бас Барклайн давшилтыг Наполеоны өөрөө удирдсан францчууд хамгаалж чадав.

    Үдээс хойш л Беннигсений удирдсан Бохемийн Арми амжилттай довтолж эхэлжээ. Тэр Цуккелхаузен, Холцхаузен, Паунсдорфыг эзлэнгүүт, ахмад Иоханн Баптист Иозеф Хиршийн удирдлагад байсан 3.000-4.000 заксеныхан[17] болон генерал Карл фон Норманн-Ээренфелсийн удирдсан 500 вюртембергийн морьт цэргүүд эвслийн талд урважээ. Энэхүү урвалтаас шалтгаалан Францад олон арван жил ам дамжсан хэллэг болох «C’est un Saxon» – «Энэ бол Заксен хүн» гарсан байна.[18]

    Францчуудын ухралт

    [засварлах | кодоор засварлах]

    Наполеон ялагдана гэж тооцоогүй байсан тул цэргээ буцаан татах талаар урьдчилан бэлдсэн бэлтгэлгүй байв. Тиймээс ч энэ ажил нь маш алгуур явагдсаны дээр Вайзенфелс рүү явах ганц л зам байсан нь бүр ч нэрмээс болжээ. Александр хаан бүх цэргийнхээ талыг Плайсе голыг гатлан тэднийг замыг боон байлдах саналыг, мөн Блюхерийн 20.000 морьт цэрэг аван, араас нь элдэн сөнөөх саналыг эвслээс няцаав. Эвсэл аравдугаар сарын 19-ний тулалдаанд бэлтгэж байв. Өглөөний манан буусны дараа Францчууд ухарч байгааг мэдээд, Лайпциг хот руу давшилтыг эхлүүлэв. Францын цэргүүд хотын хаалга руу яаран сандран ухарч байх үеэр Наполеон өөрөө арайхийн хотын чулуун зам хүрчээ. Энэ үед оросын цэргүүд Ланжероны удирдлагаар Лайпциг хотын Халле, Бюлов, Гриммайг эзлэв. Ухарч буй цэргүүдийн дайрч гарах ёстой хотын хаалганы өмнөх Элстер голын гүүрийг хэт эрт дэлбэлснээс шалтгаалан ухарч байсан францын цэргүүд үймэлдэж эхлэв. Тэднээс маш олон нь зугатах үедээ амиа алдсаны тоонд маршал Пониатовски хүртэл байсан бол бусад нь бууж өгөн, олзлогдсон байна.

    Үндэстнүүдийн тулалдааны хөшөө

    Францын арми ухарсны дараа удалгүй оросын хаан, пруссийн хан, шведийн хунтайж нар хот руу орж ирэв. Олны баяр хөөр, хотоор дүүрэн шархадсан цэргүүдийн орилоон хашгирааныг хэсэгхэн хугацаанд ч болов мартуулжээ. Гурав хоногийн тулалдаан ихээхэн хохирол учруулсныг тоочвол: Пруссээс 16.000 цэрэг, 600 офицер, Хаант Оросын Армиас 21.000 цэрэг, 860 офицер, Австрийн талаас 14.000 цэрэг, 400 офицер шархадсан ба алагдсан байв. Францын талаас 38.000 цэрэг шархадсан буюу алагдсан, 15.000 нь олзлогдсон, 300 их буугаа алдсан, 23.000 цэргээ цэргийн хээрийн эмнэлэгт орхин оджээ. Аль аль талын шархадсан цэргүүдээс дараагийн өдрүүдэд маш олноор үхсэн нь нэг бол эмнэлгийн тусламж авч чадаагүй эсвэл ариун цэврийн нөхцөл муу байснаас шалтгаалжээ. Тулалдааны дараа Лайпциг хотод гэдэсний хижгийн цар тахал гарсны улмаас олон шархтан болон хотын иргэд энэ өвчнөөр үхсэн байна.

    Энэхүү тулалдаанаас шалтгаалан Германы нутаг дэвсгэр дээрх Наполеоны эзэрхийлэл бүрмөсөн нурав. Бүр 1813 оны гуравдугаар сарын 14-нд Райны Холбоонд байсан Мекленбург-Швериний ван I Фрийдрих Франц францын холбоотноос гаран, орос-пруссийн эвсэлд нэгдсэн юм. Гуравдугаар сарын 30-нд Штрелицийн хэсэг нь тэднийг дагав. Райны Холбооны Улсуудын хамгийн том улс болох Байерн тулалдааны өмнөхөн буюу аравдугаар сарын 8-нд Рийдийн гэрээгээр эвслийн хуаранд ирэн нэгджээ. Франц энэ тулалдаанд ялагдсаны улмаас арваннэгдүгээр сарын 2-нд Вюртемберг, арваннэгдүгээр сарын 20-нд Баден, арваннэгдүгээр сарын 23-нд Нассау ба Хессен Райны Холбооноос гарч эвслийн талд оров. Райны Холбооны өөр жижиг улсууд 1813 оны арванхоёрдугаар сарыг хүртэл энэ жишгийг дагав. Заксены хан I Фрийдрих Аугустад 1813 онд дөрөвдүгээр сард орос-пруссийн эвсэлд нэгдэх саналыг хүлээж авалгүй, дундыг баримтлагч Австритай холбоотон болсон байв. Австри эвслийн талд орсон, мөн түүний цэргүүдээс тулааны дундуур нэлээд нь урвасан ч, тэр ихэнх цэрэгтэйгээ Наполеоны талд байсаар байв. Наполеон ялагдсаны дараа тэр ялагч эвсэлд өөрийн хүчээ өгье гэхэд нь эвслийн тал түүнийг барьж аван хориод, Заксены нутгийг эвслийн захиргааны төв департамент болгожээ.

    Наполеон германаас гарахад Варшавын Херцогт Улс ба Францын Армийн нийлсэн ердөө л 100.000 цэрэгтэй байв. Мөн ахиад 80.000 франц ба польш цэргүүд нь бүслэгдсэн бэхлэлтүүдэд хоцорсон тул бас л алдсан байна.[19] Швейцар давшиж буй эвслийн армийг газар нутгаараа саадгүй нэвтрүүлэв. Францын "эзэнт гүрэн" эмх замбараагүй болсон байх энэ үед нь австрийн канцлер Меттерних Райнаар хилээ зааглан, дайныг зогсоох харьцангуй уян хатан саналыг тавихад Наполеон нөхцөл байдлыг буруу үнэлэн, үүнийг нь хүлээн зөвшөөрсөнгүй. 1814 оны эхээр эвслийн цэргүүд францын нутаг руу нэвтрэн орж, эцсийн дүнд Наполеон хаан ширээнээс буусан юм.

    Үндэстнүүдийн тулалдааны нэг жилийн ойг орон даяар нэгдсэн биш байдлаар тэмдэглэсэн өнгөрөөжээ. Эрнст Мориц Арндт үүнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ялангуяа 1814 оны есдүгээр сард нийтэлсэн "Лайпцигийн тулалдааны баярыг тэмдэглэх тухай ганц үг" бүтээлээрээ дамжуулан германы албан ёсны баярын өдөр болгохыг уриалсан байдаг.[20]

    • Jubel-Kalender zur Erinnerung an die Völkerschlacht bei Leipzig vom 16. – 19. AD Oktober 1813. Mit Illustrationen nach Originalzeichnungen von August Beck, C. und E. Kirchhoff und Caspar Scheuren. Weber, Leipzig 1863. (Digitalisat).
    • Karl-Heinz Börner: Völkerschlacht bei Leipzig 1813. 1. Auflage, Verlag der Nation, Berlin 1988, ISBN 3-373-00296-6.
    • Bodart, Gaston (1908). Militär-historisches Kriegs-Lexikon (1618-1905). Татаж авсан: 5 June 2021.
    • Bowden (1990). Napoleon's Grande Armee of 1813.
    • Chandler, David G. (2021). "Leipzig 1813" (PDF). Archived from the original (PDF) on 25 February 2021. Татаж авсан: 5 June 2021.
    • Алексеев В. Расписание французской армии при Лейпциге 16—18 октября 1813 г. (ru) // Воин : Военно-исторический журнал. — 2000. — № 1—3. Архивировано 29 Нэгдүгээр сар 2010 года.
    • Андрианов П. М., Михневич Н. П., Орлов Н. А. и др. История русской армии: в 7 томах. — СПб.: Полигон, 2003. — Т. 2. 1812—1864 годы. — 720 с. — ISBN 5-89173-212-2.
     Commons: Лайпцигийн дэргэдэх үндэстнүүдийн тулалдаан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
    1. Peter Hofschröer: Leipzig 1813: the battle of the nations. 1993, S. 72. Die Verluste durch die Gefechte vom 14. Oktober sind hier nicht eingerechnet, da hierzu keine gesicherten Unterlagen zur Verfügung stehen.
    2. Peter Hofschröer: Leipzig 1813: the battle of the nations. 1993, S. 71. Die Gesamtstärke der alliierten Kräfte am Ersten Tag der Schlacht aufgeteilt in 202 Bataillonen und 348 Schwadronen.
    3. Russell Frank Weigley: The age of battles: the quest for decisive warfare from Breitenfeld to Waterloo. 2004, S. 480.
    4. Christopher Clark: Preußen – Aufstieg und Niedergang 1600–1947. 1. Auflage. Phanteon Verlag, 2008, S. 429.
    5. 5.0 5.1 Russell Frank Weigley: The age of battles: the quest for decisive warfare from Breitenfeld to Waterloo. 2004, S. 482.
    6. Die Schlacht bei Leipzig am 16., 17., 18. und 19. Oktober 1813 in R. Braeuner: Geschichte der preußischen Landwehr. Historische Darstellung und Beleuchtung ihrer Vorgeschichte, Errichtung und späteren Organisation. Band 1, Berlin 1863, S. 273–293 (Лайпцигийн дэргэдэх үндэстнүүдийн тулалдаан, Гүүгл дэх ном )
    7. Karl-Volker Neugebauer (Hrsg.): Grundzüge der deutschen Militärgeschichte. Band 1: Historischer Überblick. Militärgeschichtliches Forschungsamt. Verlag Rombach, Freiburg im Breisgau 1993, ISBN 3-7930-0662-6, S. 122.
    8. Jürgen Knaack: Wie die Völkerschlacht bei Leipzig 1813 zu ihrem Namen kam. In: Steffen Dietzsch, Ariane Ludwig (Hrsg.): Achim von Arnim und sein Kreis. De Gruyter, Berlin 2010, ISBN 978-3-11-023308-7, S. 269–278, hier S. 269 f.
    9. [Friedrich] Zurbonsen: Die Völkerschlacht der Zukunft „am Birkenbaume“. Sagengeschichtlich dargestellt von Prof. Dr. Friedr. Zurbonsen, J. P. Bachem, Köln 1910, nachgedruckt bei Bohmeier, Leipzig 2008, S. 5, von Knaack zitiert, S. 272, dort auch das folgende Arnim-Zitat.
    10. Nachweise bei Knaack, S. 273 ff. Nach Knaack sind die bis ins Jubiläumsjahr 2013 verbreiteten Darstellungen zur Benennung „Völkerschlacht“ überholt. Sie beruhten auf Forschungsergebnissen aus den Jahren 1903 und 1906. Danach ging die Benennung auf den Bericht Müfflings zurück. Die Behauptung, er habe mit „Völkerschlacht“ die Schlacht der „Heervölker“, also der Truppen der beteiligten Herrscher gemeint, woraufhin „patriotisch gesinnte Zeitgenossen den Begriff rasch umdeuteten … in eine Schlacht, die von freiheitsdürstenden und sich nach nationaler Einheit sehnenden Völkern geschlagen wurde“, wie sie z. B. das Deutsche Historische Museum in 200 Jahre Völkerschlacht bei Leipzig im Oktober 2013 vertrat, ist späteren Datums und unbelegt. Knaack, S. 273 nennt sie „eher unwahrscheinlich“.
    11. Archäologen stießen auf 200 Jahre alte Leichen: Neues Massengrab der Vielvölkerschlacht von Leipzig entdeckt. Wiener Zeitung, 30. März 2012, abgerufen am 7. Januar 2016.
    12. Vor 200 Jahren: Entsetzt über „Dimension des Sterbens“. DiePresse.com, 15. Oktober 2013, abgerufen am 7. Januar 2016.
    13. Die Proklamation von Kalisch im documentarchiv.de
    14. Georges Lefebvre: Napoleon. S. 535.
    15. Andreas Platthaus: 1813 – Die Völkerschlacht und das Ende der alten Welt. Rowohlt Taschenbuch Verlag, Reinbek bei Hamburg 2015, ISBN 978-3-499-62922-8, S. 287.
    16. Captain Richard Bogue rocket-troop.
    17. Dieter Miedtank, Rolf Rehe, Manfred Beyer: Verschwundene Denkmale – Vernichtet – Vergessen. Militärische Schriften des Arbeitskreises Sächsische Militärgeschichte e. V. Heft 7, Dresden 2005, ISBN 978-3-9809520-1-9, S. 29.
    18. Wissenswertes über die Leipziger Völkerschlacht … dass der Verrat der Sachsen für ein französisches Sprichwort sorgte? (Memento 8. Хоёрдугаар сар 2015 цахим архивт) mdr.de abgerufen am 8. Februar 2015.
    19. Albert Sidney Britt, Thomas E. Griess: The wars of Napoleon. Square One Publishers, Garden City Park, NY 2003, ISBN 0-7570-0154-8, S. 145.
    20. Ernst Moritz Arndt: Ein Wort über die Feier der Leipziger Schlacht. P. W. Eichenberg, Frankfurt am Main 1814, S. 4 (online).