Харь гарагийн соёл иргэншил
Харь гарагийн соёл иргэншил — Дэлхийгээс өөр гараг юм уу тэнгэрийн эрхэс дээр үүсч хөгжсөн, манай соёл иргэншлээс өөр соёл иргэншилийг ингэж нэрлэнэ. Харь гарагийн соёл иргэншил үнэхээр оршин байдаг эсвэл оршин байсан эсэхийг албан ёсны шинжлэх ухаан одоогоор тогтоогоогүй. Зөвхөн статистик үнэлгээнд тулгуурлан харь гарагийн соёл иргэншил оршин байх боломжийг дурдсан тооцоо бий.[1][2] Харь гарагийн соёл иргэншил, түүний төлөөлөгчид нь уран зөгнөлт зохиол, кино, жүжиг, дүрслэх урлаг гэх мэтийн гол сэдвүүдийн нэг байдаг. Мөн албан ёсны шинжлэх ухаан гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй уфологи буюу үл мэдэгдэх нисдэг биет судлал нь эдгээр ойлголтыг өргөн авч үздэг.
Таамаглалын сурвалж
[засварлах | кодоор засварлах]Харь гарагт амьдрал байж болох тухай санаа анх гарсан нь Николай Коперник нар төвт ертөнцийн онолоо туурвисан хийгээд Галилео Галилей дуран авай зохион бүтээсэнтэй холбогддог. Саран дээр уул, хөндий байгааг илрүүлснээр тэнд «селенит» хэмээх сарны амьтад байдаг тухай таамаглал гарч байжээ. Хожим ангараг гараг дээр ч ухаант амьтад байдаг гэсэн үзэл бодол түгээмэл болсон байна. Нарны аймгийн судалгаанд ахиц дэвшил гарах тусам амьдрал оршин байж болох байршил огторгуйн гүн рүү цаашилсаар байв.
Харь гарагт соёл иргэншил оршин байж болох тухай таамаглал Дэлхий дээр амьдрал хэрхэн үүсэж хөгжсөн талаарх хүн төрөлхтний мэдлэгээс урган гардаг. Дэлхий дээр амьдрал хийгээд оюун ухаан үүсэж хөгжсөн нь зүй тогтолт үзэгдэл байсан юм зохих нөхцөл бүрдсэн огторгуй ертөнцийн аль ч өнцөг буланд бас л амьдрал үүсэж хөгжсөн байх учиртай. Өнөөгийн ойлголтоор, Нарны аймгийн бусад гараг амьдралтай байх магадлал тун бага байдаг ч манай Нарны аймаг цорын ганц биш, манай галактикт манай Нартай төсөөтэй маш олон одод бий. Бусад олон оддыг ч бас гарагууд тойрон эргэлдэж байдгийг судалгаагаар тогтоосон. Манай галактик ч Ертөнцөд цорын ганц биш, дуран авайд манай галактиктай төстэй маш олон галактик ажиглагддаг билээ.
Шинжлэх ухаан техникийн дэвшил
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн соёл иргэншил ертөнцийн настай харьцуулахад харьцангуй хожуу үүссэн бөгөөд шинжлэх, технолог илүү урт хугацаанд ямар өндөр түвшинд хүрч болох тухай төсөөллөөр харь гарагийн соёл иргэншлүүд хавьгүй өндөр түвшинд хүрсэн байх болов уу гэж таамагладаг. Энэ байр суурь харь гарагийн соёл иргэншлийг үл мэдэгдэх нисдэг биеттэй холбож үзэхэд ихээхэн нөлөөлдөг.
Гэхдээ манай соёл иргэншил Ертөнцөд хамгийн анхны бөгөөд хамгийн өндөр хөгжилтэй нь байхыг ч үгүйсгэх аргагүй. Манай Нар хоёрдугаар үеийн хэт шинэ одны тэсрэлтийн үлдэгдэл бодисоос бүрэлдсэн гуравдугаар үеийн од юм. Харин хоёрдугаар үеийн одод нь Их Тэсрэлтийн дараа үүссэн нэгдүгээр үеийн оддоос үүссэн байв. Нэгдүгээр үеийн оддыг тойрон эргэлдэж байсан гарагууд дээр химийн хүнд элементүүд байгаагүй тул тэнд амьдрал үүсэх боломжгүй байжээ. Хоёрдугаар үеийн одод ч хүнд элементээр хангалттай баяжиж амжаагүй байв.
Нэг, хоёрдугаар үеийн одод хөгжлийнхөө бүх шатыг туулж, гүндээ хүнд элементүүд үүсгэн, эцэстээ хэт шинэ од болон тэсрэх хүртэл хэдэн тэрбум жил шаардагдана. Манай Нарны аймаг үүссэнээс хойш 4.6 тэрбум жил өнгөрсөн ба үүнээс 4 сая жилд нь амьдрал үүсэж хөгжин, хүн төрөлхтөн бий болсон. Ертөнцийн нийт нас 13,7 тэрбум жил гэдэгтэй харьцуулж үзэхэд Дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншил харьцангуй эрт үүссэн болж таарна.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Британий одон оронч оршин байж болох соёл иргэншлүүдийн тоог тооцоолж гаргажээ" (Орос хэл хэлээр). lenta.ru. 2008-10-21.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ Duncan Forgan (2008-10-13). "A Numerical Testbed for Hypotheses of Extraterrestrial Life and Intelligence" (Англи хэл хэлээр). arxiv.org.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link)