АНУ-ын Төрийн Их тамга
АНУ-ын Төрийн Их тамга (англи. Great Seal of the United States) Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас гаргасан баримт бичгийг баталгаажуулсан засгийн газрын бэлгэ тэмдэг бүхий тамга юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Төрийн Их тамгыг албан ёсны хадаглагч бөгөөд Вашингтон дахь Төрийн департаментын үзэсгэлэнгийн танхимд Төрийн Их тамгыг үзэж болдог ажээ. Тамганы нүүрэн талыг АНУ-ын сүлд гэж үздэг байна. АНУ-ын Төрийн Их тамга нь хоёр талтай байдгаараа онцлогтой.
Төрийн Их тамганы нүүрэн тал
[засварлах | кодоор засварлах]Тамганы нүүрэн талд АНУ-ын үндэсний бэлгэ тэмдэг болох цагаан халзан бүргэд дүрсэлсэн байдаг. Уг шувуу нэг сарвуудаа 13 сум, нөгөө сарвуунд 13 оливтай оливын мөчир барьсан нь АНУ энх тайвныг хүсдэг ч дайнд үргэлж бэлэн байдгийг бэлгэддэг. Бүргэд нэг биш 13 сум хамт барьж байгаа нь зөвхөн 13 мужийг эв нэгдэлтэй хамт байхдаа хүч чадалтай гэж бэлэгддэг байна. Бүргэдийн толгойг оливын мөчир рүү харсан нь дайнаас илүү энх тайвныг илүүд үздэгийг илтгэдэг байна. Бүргэд хошуундаа "Олон дотроос нэг" гэсэн утгатай "E pluribus unum" гэсэн 13 үсэг бүхий латин бичээстэй туузтай байдаг. Бүргэдийн толгойн дээр цэнхэр үүлэн доторх 13 од 1-4-3-4-1 гэсэн байрлалтай эгнээнд байрладаг бөгөөд энэ нь бүхэлдээ ердийн зургаан өнцөгт үүсгэдэг. Бүргэдийн цээжинд улаан, цагаан өнгө хослуулсан 13 босоо тууз бүхий бамбай дүрсэлсэн байдаг.
Төрийн Их тамганы ар тал
[засварлах | кодоор засварлах]Их тамганы ар талд орой хэсэгт нүд дүрсэлсэн титэмтэй дуусаагүй пирамидыг дүрсэлсэн байна. Пирамид нь Массачусеттс, Коннектикут, Рөүд-Айленд, Нью-Хэмпшир, Нью-Йорк, Нью-Жерси, Пеннсилвани, Делавэр, Виржини, Мэрилэнд, Хойд Каролина, Өмнөд Каролина, Жоржиа зэрэг АНУ-ын бүрэлдүүлсэн анхны 13 мужийг бэлгэдэж 13 эгнээнээс бүрдсэнээр дүрсэлсэн байна.
Пирамидын доод эгнээнд 1776 он гэж ромын тоогоор — MDCCLXXVI бичсэн байдаг. Орой дээрх нүдний дүрс нь «Зөгнөн харах Мэлмий» гэсэн утга агуулдаг байна. «Annuit cœptis» гэсэн бичвэр нь «эхлэлийг сайшаав» гэж орчуулагдах бөгөөд «Бурхан бидний эхлэлийг сайшаасан» гэсэн утгатай юм. Пирамидын доогуурх «Novus ordo seclorum» гэсэн бичиг нь — «Олон зууны шинэ журам» гэж орчуулна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын анхны 13 муж 1776 оны 7-р сарын 4-нд Англиас тусгаар тогтнолоо зарласан тэр өдөр Тивийн анхдугаар конгрессын хороо тус улсын төрийн сүлд болох Төрийн Их тамганы загварыг бүтээжээ. Шинэ муж - Америкийн Нэгдсэн Улс нь тусгаар тогтнолоо баталгаажуулсан албан ёсны бэлгэдэл хэрэгтэй болсон юм. Тамганы эцсийн загварыг гаргахын тулд зургаан жил, Тивийн Конгрессын гурван хороо ажилласан байна.
Эхний хороонд Бенжамин Франклин, Жон Адамс, Томас Жефферсон нар багтсан бөгөөд тус бүр өөрийн Их тамганы хувилбарыг санал болгосон боловч Конгресс тэднийг батлаагүй. Эцэст нь 1782 онд Конгрессын нарийн бичгийн дарга Чарльз Томсон өмнө нь санал болгосон бүх хувилбаруудыг нэгтгэн авч, Төрийн Их тамганы уг хувилбарыг санал болгосон түүхтэй.
АНУ-ын Төрийн Их тамгыг 1782 оны 6-р сарын 20-нд Конгресс баталж 5.72 сантиметр (2.25 инч) диаметртэй зэс эх хувийг цутгажээ.
Төрийн Их тамгыг анх 1782 оны 9-р сарын 16-нд Томсон Жорж Вашингтонд хоригдлуудыг солилцох хэлэлцээр хийх эрх олгосон баримт бичигт гарын үсэг зурж уг тамгыг баталгаажуулахын тулд ашигласан байна.